Компьтерын үүсэл хөгжил
Хүний нийгэм үүссэнээс хойш биеийн хүчний хөдөлмөрийг хөнгөвчлөх багаж техникийн хөгжилт нь оюуны хөдөлмөрийг хөнгөвчлөх багаж техникийн хөгжилтэй харьцуулахад XIX зуун хүртэл харьцангуй хурдтайгаар хөгжиж ирсэн. Нийгмийн хөгжлийн явцад хүний сэтгэн бодох, тооцоолох үйл ажиллагааг орлох техник хийх санаа, зорилго хүний анхаарлыг их татаж байв. Олон зуун жилийн туршид хүн төрөлхтний бүтээсэн уурын хөдөлгүүр, суурь машин, нисэх онгоц зэрэг нь цөм хүний биеийн хөдөлмөрийг хөнгөвчлөн, хүний ажиллах чадварыг тал бүрээр хөгжүүлж, шинэ бололцоог нэмэгдүүлж иржээ. Харин компьютерийг зохион бүтээснээр хүн төрөлхтний түүхэнд анх удаагаа оюуны хөдөлмөрийг хөнгөвчлөх, тооцоолох, сэтгэн бодох авьяас чадварыг хөгжүүлэх бололцоог олгосон байна. Манай эриний 60-аад оны дунд үеэс хатуу биеийн физикт технологийн хувьсал гарч, микроэлектроникийн салбар шинжлэх ухаан биеэ даан эрчимтэй хөгжсөний үр дүнд 1971 онд мэдээлэл боловсруулах чадвартай “микропроцессор” гэдэг бичил элементийг бүтээснээр тооцоолох техникийн хөгжилд хүчтэй түлхэц өгсөн байна. Одоогоос 150 гаруй жилийн өмнө Английн математикч Чарльз Беббидж(1792-1871) анх удаа арифметикийн дөрвөн үйлдэл гүйцэтгэх чадвар бүхий тоо бодох машины төслийг зохиосон байна. Уг тоо бодох машин нь үндсэн 4 хэсгээс бүрддэг.
1. Агуулах. Энд бодлогын өгөгдөл, үр дүнг хадгална. Үүнд 50 оронтой 1000 тоо хадгалахаар төлөвлөжээ.
2.Тээрэм.Энэ хэсэгт математикийн үйлдэл хийнэ.
3.Дамжуулга Энд агуулах ба тээрмийн хооронд янз бүрийн мэдээг дамжуулна.
4.Оруулах, гаргах Энэ хэсэгт оруулсан мэдээг агуулахад уншиж, тээрэмд хийсэн үйлдлүүдийн үр дүнг харуулахаар зохиосон байна. Чарьз Беббидж уг машиныхаа төслийг улам бүр боловсруулан ялгаварын машины төсөл зохиожээ. Энэ төслөөр машин үйлдвэрлэх гэтэл тухайн үеийн технологи машины механик хэсгүүдийг шаардлагын хэмжээнд нарийвчлалтай үйлдвэрлэж чадаагүй байна. Иймд энэ төслөө хэрэгжүүлж чадалгүй насан өөд болжээ. Гэвч өөрийнхөө амьдралын цаг хугацаанаас алс холыг сэтгэгч суут ухаантны нэгэн адилаар түүний төсөл анхны компьютерийн эх үндэс болж, түүнийг нас барснаас хойш 100 жилийн дараа батлагдсан байна. Уг төслийг хэрэгжүүлэхэд 34000 фунт стерлингийн санхүүжилт хийсний тал хувь нь түүний өөрийнх нь хувийн мөнгө байжээ. Улмаар олон янзын төсөл хийгдэж, тооцоолох машин үйлдвэрлэгдсэнээс түүхэнд нэрээ үлдээсэн компьютерүүдийн тухай товч өгүүлье.
Аналитик машин(1835-1869) Чарльз Беббиджийн зохиосон энэ машин картанд шивсэн мэдээллийг оруулж, арифметик үйлдэл хийж, санах банкинд мэдээг хадгалах зориулалттай байлаа. Энэ машинд зориулж Лорд Байроны математикийн гоц авьяаст охин Лав Лейс анхны програм зохиож байснаараа анхны програмч болжээ.
MARK1(1944) Харвардын их сургуулийн профессор Анкены 1937 онд боловсруулсан санааг амьдралд хэрэгжүүлж, IBM пүүс 1944 онд анхны автомат машин бүтээжээ. Энэ нь 750000 эд ангиас бүрдсэн, 51 фут(15м) урт, 8 фут өндөр, нэг секундэд 3 нэмэх үйлдэл хийдэг байжээ.
ENIAC(1945-1946) MARK машинаас хойш нэг хоёрхон жилийн дотор өмнөх машинаас хэдэн мянга дахин хурдтай, нэг секундэд 5000 үйлдэл хийдэг, электрон компьютер зохион бүтээжээ. Филадельфийн мужийн Пенсилванийн Их Сургуулийн физикч Жон Маукли, электроникийн инженер Преспер Экерт нарын бүтээсэн энэ машин 18 мянган ламптай, 30тн хүнд жинтэй, 2 давхар байшинг эзэлдэг байсан байна. ENIAC машин их олон ламптай учир цахилгаан энергийг маш их хэрэглэдэг байсан ба машиныг ажиллуулах үед Филадельфийн мужийн гэрэл бүдгэрдэг байсан гэсэн яриа байдаг.
UNIVAC(1951) АНУ-ын 1951 оны хүн амын тооллогын мэдээг боловсруулах зориулалттай бүтээсэн энэ машин гараар хоёр зуун мянган хүн цаг шаардах ажлыг 2800 цагт багтаан үр дүнг гаргасан бөгөөд 73000 цаг ажилласны дараа 1963 оны 10 сарын 13 нд чөлөөнд гарч Смитсон институтын музейд тавигджээ.
PI(1961) 1940-өөд онд Эдуард Каснер, Жеймс Ньюман нар Пи тооны 1000 оронг бодоход 10 жил шаардагдана гэж үзэж байсан ба харин үүнээс 21 жилийн дараа IBM пүүсийн мэдээллийн төвд Пи тоог 8 цаг 43 минутанд 100265 оронтой тооцон гаргажээ. Ажлын нэг өдөрт хүний 10 жил хийх тооцоог хийж, 100 дахин их үйлдлийг энэ машин хийжээ.
MACHACKVI(1967) Массачусетсийн технологийн дээд сургуулийн оюутан Ричард Гриблатын зохиосон шатар тоглох програм нь шатарчидтай тоглосон тэмцээнд ялжээ. Энэ нь компьютерийн програмын анхны ялалт байлаа. 1976 онд Калифорнын Саратого хотод болсон Пол Массоны нэрэмжит тэмцээнд Давид Слайт, Лори Аткин нарын зохиосон CHESS 4.5 програм ч бас нэг ч хожигдолгүй ялжээ. 1978 онд 6 сарын шургуу хөдөлмөрийн үр дүнд хийсэн энэ микрокомпьютер тэр үеийн бүх компьютеруудтай шатар тоглож хожсон байна.
Саран дээр буусан компьютер(1969) Eagle хөлөг саран дээр буух үед хөлгийн компьютер нь буруу ажиллажээ. Сансрын нисгэгч Нэйл Армстронг, Эдвин Алдрин нар телеметрийн бүх хэмжилт хийж, Техас мужийн Хьюстон дахь нислэгийг удирдах төвд мэдээлжээ. Хожим нь радарын системийн энэ терференц нь компьютерийн элементүүдэд нөлөөлснөөс алдаа гарсан нь тодорхойлогджээ.
Зохиолч компьютер(1973) Шелдон Клейны зохиосон програмаар компьютер 2100 үг бүхий адал явдалт өгүүлэг бичжээ. Гэвч хүнээс илүү бичиж чадаагүй юм. Одоог хүртэл ийм ажлыг компьютер хийж чадаагүй хэвээр.
Хулгайч компьютер(1978) Түүхэнд тэмдэглэгдсэн банкны томоохон хулгайн нэгд Лос Анжелесийн Security Pacific банкнаас Марк Рифкин гэгч компьютерийн сүлжээг ашиглан 10.2 сая америк доллар хулгайлж, Швейцарын банкин дахь өөрийн дансанд шилжүүлсэн явдал ордог. Гэнэт баяжсандаа болоод Рифкин тэсэлгүй өөрийгөө илчилж, 1978 оны 11 сарын 5-нд баривчлагджээ. Тэрээр батлан даалтанд гарсан үедээ дахин 50 сая доллар шилжүүлэхийг оролдсон учир 1979 оны 3-р сард дахин баривчлагдаж, 8 жил хоригдох ял авчээ.
ALTAIR 8800(1975) 1975 онд бүтээгдсэн энэ компьютер 439 америк долларын үнэтэй, програм хангамжгүй, гар монитороос бүрдсэн бөгөөд нүүрэн талд нь байрлуулсан тохируулгаар програмчлагддаг байсан байна.
APPLE II(1977) APPLE II бол телевизорт холбох боломжтой, өнгөт, 67к байт санах ойтой, BASIC хэлний интерпретатортой, гар бүхий гэрийн компьютер байлаа. Түүнийг зохиогч Стив Возняк, Стив Жобс нар персонал компьютерийн хувьсгалын эх суурийг тавьсан бөгөөд удалгүй дэлхийд нэрээ дуурсгасан байна.
IBM PC(1981) IBM бол технологийн хувьд шинэ зүйл биш байсан ч хүмүүст хүрч, тухайн үеийн америк бизнесменүүдийн ширээний компьютер болж чадсан юм. 1985 онд IBМ үйлдвэр 2 сая дахь компьютерээ үйлдвэрлэж, 5 млрд америк долларын ашиг олсон байна. Өнөөдөр IBM PC, AT компьютерүүд 20кг хүрэхгүй жинтэй болсон төдийгүй, маш нарийн үйлдлүүд хийдэг, дуу дүрсийн боловсруулалт болон хэрэглэгчдийн аливаа хүсэлтийг биелүүлж чадахаар өндөр боломжтой, овор хэмжээний хувьд бага болж, улам боловсронгуй болж байна. ТЭМ машин буюу компьютер нь хөгжлийн 4 үе шатыг өнгөрөөсөн гэж үздэг.
1. 1940-1950 оны үе. Энэ үеийн компьютерүүдэд электрон ламп хэрэглэж байв.
2. 1950-1960 оны үе. Транзистор, хагас дамжуулагчийг ашиглаж байсан.
3. 1960-1970 оны үе. Физикт электроник орж ирснээр том биш микросхемийг хэрэглэж эхэлсэн.
4. 1970 оноос хойш. Нарийн бүтэцтэй микросхемийг хэрэглэж байна. Компьютерийн хөгжлийн түүхэнд нэрээ үлдээсэн бүхий л тоног төхөөрөмж, хэрэгслүүдээр компьютерийн түүхийн музей байгуулсан байдаг.
Илгээх | 1152 хүн уншсан | Бичсэн: <<Amka>>
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (0) | :
Шинэ нийтлэлүүд
Персонал Компьютерийн бүтэц ба зохион байгуулалт
Компьютер гэдэг нь нэг буюу хэд хэдэн төв процессор өгөдсөн заавар буюу программын дагуу өөрийн сис...
Компьтерын сүлжээ
Компьютерийн сүлжээний хөгжлийн түүх нь компьютер үүсэж хөгжиж эхэлсэн 1950-1960-д оны үеэс эхэлнэ. ...
Компьтерын хэрэглээ
1. Текст боловсруулалт. Documenting. Текст боловсруулах програмуудын тусламжтайгаар баримт, мэдээлли...
Компьтерын үүсэл хөгжил
Хүний нийгэм үүссэнээс хойш биеийн хүчний хөдөлмөрийг хөнгөвчлөх багаж техникийн хөгжилт нь оюуны хө...
Компьтерын төхөөрөмж
1.Оролт ба удирдлагын төхөөрөмүүд: 1.1 Keyboard - гар нь компьютерийг удирдах, компьютерт...
Мэдээлэл
Компьютерийн техник хангамж гэдэг нь бидний гарт баригдаж, нүдэнд харагдаж байгаа бодит биет тоног...
Суурин компьтер
...
Компьтер форматлах
...
Компьтер hardware
...